Werun Logo
Principles hero background

Бидний тухай

Тавтай морилно уу!

Гүйж сурахын зэрэгцээ ижил сонирхолтой хүмүүстэй хамт тогтмол гүйх газар хайж байсан уу? Тэгвэл долоо хоног бүр зохион байгуулагдах, ур чадвар харгалзахгүй бүгд хамтдаа гүйж болох Монголын хамгийн анхны олон нийтийн гүйлт болох Werun-ы вебсайтад тавтай морилно уу!

Werun нь гүйлтийн спортоор дамжуулж эрүүл чийрэг, эрч хүчтэй нийгмийг бүтээх, гүйлтийн спортод дурлагсдыг нэг дор цуглуулж, хамтдаа хөгжиж, тууштай гүйх боломжийг олгох зорилготой үнэ төлбөргүй, тогтмол зохион байгуулагдах арга хэмжээ юм.

Гүйлтийн спорт нь нас, хүйс үл харгалзан хүн бүр хичээллэж болох ба эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нь тоочоод барамгүй олон билээ. Мөн гүйлт нь орчин үеийн хотын иргэдийн амьдралын нэг хэсэг, их хотын соёл юм гэдгийг бид дэлхийн өндөр хөгжилтэй бусад хотын жишээнээс харж болно.

Та манай гүйлтийн арга хэмжээнд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө болон гүйлтийн клүбээрээ хүрэлцэн ирж хамтдаа гүйгээрэй. Бид та бүхнийг үргэлж халуун дотноор хүлээн авах болно.

Эрүүл аз жаргалтай нийгмийг хамтдаа бүтээцгээе.

"Сайн өдрийн гүйлт" НҮТББ

Манай баг

Werun-ийг хамдтаа бүтээж, хөгжүүлж буй баг.

Б.Амгаланбаяр

Б.Амгаланбаяр

Гүйцэтгэх захирал & Үүсгэн байгуулагч

Амгаа нь Уул уурхайн инженер болон Төслийн удирдлага мэргэжилтэй. Австрали улсад амьдарч байх хугацаандаа буюу 2023 оноос гүйж эхэлсэн ба тэр даруй гүйлтийн cпортод дурлан, ашиг тусыг нь ойлгон, тогтмол гүйж эхэлсэн. Дэлхий даяар гүйгчдийн тоо хурдацтай өсөж байгаагийн адилаар Монгол улсад гүйлтийн спортоор хичээллэгсэд жилээс жилд өргөжин тэлж байгаа ч олон нийтэд хүртээмжтэй гүйлтийн арга хэмжээ дутагдаж байгааг анзаарсан юм. Энэ ч үүднээс гүйх сонирхолтой хүмүүст нэг дор цуглаж, хамтдаа гүйх, нээлттэй, найрсаг орчныг бий болгох зорилгоор "Сайн өдрийн гүйлт" НҮТББ болон Werun төслийг санаачлан ажиллаж байна.

Ч.Батхишиг

Ч.Батхишиг

Санхүү хариуцсан менежер & Хамтран үүсгэн байгуулагч

Батхишиг нь Банк, санхүүгийн менежмент мэргэжилтэй ба санхүүгийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн. Иога, пилатес болон волейбол тоглох зэрэг олон төрлийн спорт хоббитой ба хамгийн сүүлд хичээллэж эхэлсэн нь гүйлтийн спорт юм. Мөн адил Австрали улсад амьдарч байхдаа гүйлтийн cпортод татагдан 2024 оноос тогтмол гүйж эхэлсэн. Одоо Werun төслийн санхүү, борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж байна.

Б.Уртнасан

Б.Уртнасан

Маркетинг хариуцсан менежер & Хамтран үүсгэн байгуулагч

Уртаа нь Олон улсын харилцаа, Хүний нөөцийн удирдлага мэргэжилтэй ба одоогоор үл хөдлөх хөрөнгийн агентаар ажиллахаас гадна "Хөөрхөн түүх" хүүхдийн номын зохиогч юм. Гүйлтийн спортоор 2021 оноос тууштай хичээллэж байгаа мөн уулын спорт, кроссфитын тамирчин юм. Түүний 2025 оны амжилтуудаас:

Улаанбаатар марафон - 2025 (42 км — 04:00:00)
Mongolian Sunrise to Sunset – The unique Mongolian trail run - 2025 (42 км — 05:56:00 (Монгол тамирчдаас 1-р байр), 100 км — 18:00:00 (Монголын анхны эмэгтэй финишер))
Shenzen - 2025 Hyrox Doubles Finisher (01:21:47)
Монголын Уулчдын Үндэсний Холбооны "Дөрвөн бэрх" цомын эзэн

Тэрээр Werun-ы маркетингийн ажлыг хариуцан ажиллаж байна.